60 Цогоо багшаас А үнэлгээ авав



Сурагч байхаас надад хэвшсэн нэг зүйл бол тэмдэглэлийн дэвтэр хөтлөх юм. Тэмдэглэлийн дэвтэрт тэмдэглэл бичих нь аливаа чухал зүйлийг мартахаас сэргийлнэ, мөн болоод өнгөрсөн чухал үйл явдлууд тэмдэглэлийн дэвтэрт маань үлдсэн болохоор дараа нь эргэж санадаг, хийх ажлын төлөвлөгөөгөө ч биччихдэг болохоор ажил мартагдахгүй амар байдаг. МУИС-д сурч байхдаа тэмдэглэл хөтөлдөг байсан дэвтрээ үзэж суутал “ Ямар ч тохиолдолд өөрөө өөртөө эзэн байх ёстой, амиа аваад гарах чадвартай л байх хэрэгтэй. Б.Цогт-Эрдэнэ багш гэж бичжээ. Манай Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн оюутнуудад Эдийн засгийн сургуулиас Б.Цогт-Эрдэнэ багш ирж Эдийн засгийн онол хичээлийг ордог байв. Манай ангийн оюутнууд хамгийн хэцүү хичээл ямар хичээл байдаг юм бэ? Хамгийн хатуу дүгнэдэг багш хэн бэ гэх мэтээр дээд курсынхнээс асууж хэцүү хичээл, хатуу багш нарыг мэдэж авцгаадаг байв. Дээд курсынхэн ихэнх нь 60 Цогоо багш л хэцүү дээ гэж сануулцгаадаг байлаа. Азаар манай ангийхан тэр хэцүү эдийн засгийн онол хичээлийг үзэхгүй 2 дугаар курсээ төгссөн ч, сургалтын албанаас 2 дугаар курсдээ үзэх ёстой эдийн засгийн онол хичээлийг танай анги үзээгүй байгаа юм байна. Энэ жил 3 дугаар курсдээ нөхөж үзнээ гээд хичээлийн хуваарьт оруулснаар нөгөө хэцүү хичээл орж эхэлсэн билээ. Хичээлийг хатуу гэж алдаршсан 60 Цогоо багш орлоо. Багш хичээлийн цагаас ердөө ч хоцрохгүй ангид орж ирнэ. Багшийг Эдийн засгийн сургуулиас ирэх юм чинь хоцорч ирэх байх гэж санасны ч гарз. Багш ирц тэр бүр авахгүй, хааяадаа нэг бүртгэнэ. Нэр нэг дуудсан бол хэзээ ч мартахгүй. Бүр овогтой нь хамт цээжилчихнэ. Хичээл үймүүлвэл багш нэрээр нь дуудна.  Гурав дөрвөн анги нийлж 200 -д оюутан лекцэнд суухад багш бүх оюутны нэрийг мэддэг болохоор манай ангийхан багшаар бахархдаг.
 Монголчууд Цаасан шувууны үлгэр, Оюунтүлхүүр сургаалиар хүүхдүүддээ гэрийн боловсрол олгодог байсан. Та нар тэр сургаалиудыг уншаарай гэж хэлнэ. Сургуулийн гадаа тамхи татаж байгаа оюутнуудыг “орчноо мэдэр” гэж сануулна. Гадаа самар цөмөөд хогоо сургуулийн гадаа хаяаад байхаар “гадуур сүүлгүй хэрэмнүүд” зөндөө байна, та нар харав уу гэж асууна. Бид нар сүүлгүй хэрэм гэж хэнийг хэлээд байнаа гэж гайхацгаадаг байж билээ. 
60 Цогоо багш бид нарт семинар бэлтгээд ярь гэж даалгавар өгнө. Даалгавраа сайн бэлтгэж ойлгомжтой ярьвал алга ташиж баяр хүргээд хангалттай оноог нь өгнө. Мөн “эдийн засгийн онол хичээл миний мэргэжилд” гэсэн сэдэвтэй эсээ бичүүлж авна. Явцын шалгалт хоёр удаа авч тест бөглүүлнэ. Шалгалт эхлэхээс өмнө МУИС-ийн оюутан Гангаагийн Отгонбаатар би Эдийн засгийн онол хичээлийн явцын шалгалтыг өгөхдөө хэнээс ч хуулахгүй гэдгээ батлан тангарагалая. Тангарагаасаа няцаж хуулвал явцын шалгалтаас хөөгдөн тэг оноо авна гэж бичээд шалгалтаа өгнө. Шалгалтын үеэр манай сургуулийн нэгэн оюутан хажуугийнхаа оюутнаас хуулж байгаад багшид баригдсан чинь шалгалтын материалыг нь шууд ураад хаячихаж билээ. Багшийн өгсөн үүрэг даалгавруудыг цаг хугацаанд нь чанартай хийчихвэл, тангарагаасаа няцахгүй байвал ямартаа ч 60 авахгүй нь ойлгомжтой санагдаж байлаа.
Мөн хичээлтэй холбоотойгоор оюутнуудаас санал шүүмж бичүүлж авч олон давтагдсан саналуудын талаар бидэнтэй ярилцахад та дүн гаргахдаа 60 оноо тавьдаг гэсэн, дүн гаргахдаа анхаарч өгөөрэй гэсэн санал ихэнх хувийг эзэлсэн байсан, та нар хичээлдээ анхаарч хичээлийн зорилгыг биелүүлвэл би яалаа гэж муу дүгнэхэв гэв.                   Семистрын төгсгөлд хичээл бататгах дүн гаргах шалгалт авах боллоо. Эсээгээ маш сайн бичсэн нэг оюутныг багш шалгалтаас чөлөөлж А гаргав. Мөн миний нэрийг дуудаж, зарим нэг оюутнуудын нэрийг хэлж шалгалтаас чөлөөлж дүнгээ гаргуулж болно гэж хэлэв. Шалгалтаас чөлөөлнө гэдэг чинь 100 гаргана гэсэн үг биш шүү дээ, 70 оноотой шалгалтаас чөлөөлөгдөж ч болно гэж багш хэлсэн юм. Дүн гарахад 60 Цогоо багшаас би 91 А үнэлгээ авч онц гарав. Сургуулиа төгсчихөөд Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны хажууд явж байтал Б.Цогт-Эрдэнэ багштай таарлаа. Намайг нэрээр дуудаж юу хийж байна гэж асуугаад, би ажил сайн байгаа тухайгаа дуулгахад “Сайн байна” гэж хэлээд хичээлийн зүг яаран явсан юм. Цогоо багш бол “Өөртөө эзэн байгаад, орчноо мэдрээд, амиа аваад гарах чадвартай оюутныг үнэлдэг” хүн дээ.

2013 он

Comments

Popular posts from this blog

Миний Өвөрмонгол найз

Санаандгүй гаргасан алдаа уучлагддаг