Багш шиг багш болохсон
Манай ангийхан 4 дүгээр ангиа төгсөж хонхны баяраа хийснээр бага ангиас дунд ангируу шилжив. Бага ангид байхад бүх хичээлээ нэг ангидаа үзнэ. Багш нар хичээлээ орж ирээд заачихна. Дуу хөгжмийн хичээлийг л улаан буланд очиж үздэг байв. Дунд ангид бид нар багш нарынхаа ангид очиж хичээлээ үздэг болов. Дунд ангийн хамгийн эхний хичээлийг монгол хэл, уран зохиолын Д.Бурмаа багш орох байжээ. Хичээлийн хуваариа мэдэхгүйгээс болж завсарласны дараа ангиараа очив. Д.Бурмаа багш бид нарыг залтай 160 ийн үүдэнд хүлээгээд зогсож байна. Та нар хичээлийн эхний өдөр л ангиараа таслаад эхэлдэг айхтар хүүхдүүд вэ гэж хэлэв. Багшийн зэмлэл хүүхдүүдэд байтугай том хүнд ч хүчтэй нөлөөлнө. Манайхан зарим нэг багш нарын хичээлийг таслана, харин Д.Бурмаа багшийн хичээлийг хэзээ ч таслахгүй сууна. Нэг л ширээгээ сонгосон бол ширээгээ сольж гүйхийг багш хориглоно. Ширээ хэсээд яваад байгаа хүн бол айл хэсэж явдаг ажилгүй хүн шиг харагддаг гэж хэлнэ. Бид нар айл хэсээл явж байдаг хүн шиг харагдахгүйн тулд ширээгээ ердөө ч солихгүй. Би ямар сайндаа оюутан болж хотод ирчихээд хамгийн урд суудаг ширээнд маань өөр оюутан суусан байсныг хараад миний ширээнээс бос гэж хэлээд маргаж суухав дээ. Багшийн захиас ийм хүчтэй.
Манай ангийхныг монгол бичгээр минутын уншлага хийлгүүлнэ. Бид ангийнхаа бүх хүүхэдтэй минутаар уншиж уралдсан. Уралдааны бооцоо нь 1 чихэр. Монгол бичгийн хичээл орох болоход сурагч бүр 1 чихэртэй ирцгээнэ. Уралдаанаа хийцгээнэ. Манай ангиас Б.Цэцэгмаа, З.Доржпалам, Б.Мижиддорж, А.Манчир, Б.Заяа, О.Гомбожав гээд шаггүй сайн уншицгаана, учраагаа ер нь ялна. Энэ хэд дээр би нэмэгдэж сайн уншина. Муу уншдагаас гэвэл манай Ц.Ганбат сайнгүй, өөрийгөө олон хүнд муу уншдаг гэж мэдэгдүүлэхгүйн тулд ер нь надтай уралдаж уншаад 10 төгрөгний урт цагаан чихрээ өгчихнө. Багш Ц.Ганбат хэдэн үг уншсан бэ гэхээр нь би 16 үг уншлаа гэж хэлнэ. Дараа нь 17 үг уншлаа гэж давуулж хэлнэ. Үгийн тоог нь нэмж хэлдэг болохоор ч тэгдэг юм уу надад олон чихэр өгсөн дөө. Монгол бичгийн уншлагын ангийн аварга сурагчаар би хамгийн олон үг уншиж аваргуудыг ялж Д.Бурмаа багшаас том том бор чихрээр шагнуулж байлаа. Хамгийн том шагнал бол улирлын дүн гарахад А гарч байв.
Уран зохиолын хичээлийг Д.Бурмаа багш дармалаар бичүүлдэг байлаа. Та нар оюутан болохоороо компьютер олдохгүй бол цэвэрхэн дармалаар бичээд даалгавраа өгч байгаарай гэж хэлнэ. Цэвэр сайхан бичигтэй сурагчийг шалгаруулж “Дэвтэр сурагчийн толь” үзэсгэлэн гаргана. Тэр үзэсгэлэнгээр миний дэвтэр цэвэр сайхан бичигтэй дэвтрээр шалгарч "алимаар" шагнуулж байсан тодхон санагдана.
2010 онд оюутан болоод хичээлүүдээ ихэд хичээн дармалаар бичдэг байв. Улс төрийн ерөнхий онолын хичээл ордог Д.Өлзийсайхан багш намайг лекцээ их сайн хөтөлдөг, гоё бичдэг оюутан гээд ангийханд дэвтэр үзүүлж намайг 100 оноотой дүгнэж байв. Мөн жил жилийн 1 дүгээр курсынхэнд намайг их гоё бичдэг оюутан байсан гэж ярьдаг байсныг доод курсынхнээс сонсоход таатай байдаг байлаа. Энэ мэдээж уран зохиолын хичээлийн гавъяа шүү дээ. Монгол хэлний хичээлд авиа зүй, өгүүлбэр зүй, эх дээр ажиллана. Өгүүлбэр зүйгээр зурахдаа дуу дуулангаа хичээлээ хийнэ. Ихэвчлэн ээжийн тухай дуунууд дуулна. Хүүхдүүд дуу дуулаад хичээлээ хийхдээ их сонирхолтой байдаг байсан. Ямар ч байсан найр наадам болоод дуу дуулаарай гэвэл манай ангийхнаас хэн нь ч 3 дуу дуулахтай болсон. Д.Бурмаа багш намайг дуулдаг болохоор СУИС-д сураад гоё дуучин болно. СУИС-д элсэхийн тулд Монгол хэлний шалгалт өгдөг. Тиймээс монгол хэлний хичээлээ сайн хийж байгаарай гэж хэлнэ.
Д.Бурмаа багштай 4 дүгээр ангийн сурагч байхдаа сургуулийн ойн бэлтгэл ажлаар хөдөө багуудаар тоглолтонд явж байсан юм. Зүүн хоолой, Цалуугаар явж байтал машин эвдэрч жолооч сумын төврүү сэлбэг авч ирэхээр явлаа. Жолооч Чумбаа ах ирээд сумын төвд айхтар үер орж гэсээр ирлээ. Манайх үер ордог газар зусаж байгаа болохоор яасан бол гэж айнгуй Д.Бурмаа багшаас асуулаа. Гэтэл багш өө зүгээрээ яагаач үгүй гэж намайг тайвшруулсан юм. Нэлээн хэдэн жилийн дараа Д.Бурмаа багш энэ тухай ээжид ярихдаа үер ороход гэрээ яасан бол гэж асууж байсан. Энэ үед сурагч Г.Отгонбаатарыгаа их зөв хүмүүжиж байгаа хүүхэд байна гэж үнэлсэн тухайгаа хэлсэн байсан. Багш бид нарт та нар бүх хүнд үнэлэгдэнэ гэвэл алай салбадай болно, чиний ажлыг 60% нь амжилттай байна гэж үнэлвэл би болж байгаан байна гэж бодоорой гэж захина. Мөн уучлалын тухай, хайрын тухай хүүхдүүддээ сургана. Өглөө эрт босож байгаарай, ном сайн унш, хүнд муу үг хэлж болохгүй талаар хэлж сурган хүмүүжүүлнэ.
9 дүгээр ангиа төгсөх дөхөж хувийн хэрэгтэйгээ танилцахад хамгийн өндөр дүнтэй байсан хичээлүүд маань монгол хэл, монгол бичиг, уран зохиолын хичээлүүд байсан. Гэнэн томоогүй сурагч байсан болохлоор жилийн эцсийн дүнгүүдээ харах ч үгүй амардаг байв. Харин Д.Бурмаа багш дандаа А үнэлгээгээр үнэлж байсанд их баярласан даа.
11 дүгээр ангиа төгсөж элсэлтийн шалгалт өгөх хичээлүүдийн дотор монгол хэлний хичээлийг сонгож шалгалт өгсөн юм. Монгол хэлний шалгалтанд уран зохиол, монгол бичгийн даалгаврууд хамт ирнэ. Би монгол хэлний шалгалтанд 701 оноо авч Монголын түүх, монгол хэлний хичээл хавсарч Хөвсгөл аймгийнхаа хэмжээнд 3 р байранд жагсаж байв. Багш шигээ монгол хэл уран зохиолын багшийн хуваарь авч багш болж болох байсан ч арай өөр сонголт хийсэн дээ. Гэхдээ МУБИС-т түүх нийгэм судлалын багш мэргэжлээр сурч амжилттай төгссөн болохлоор хэзээ нэгэн цагт Д.Бурмаа шигээ сайн багш болно гэж бодож явдаг.
2016.04.14
Comments
Post a Comment