Үүргээ биелүүлж явна

Үндсэн хуулинд эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүрэгтэй гэж заасан байдаг.  Үндсэн 4 үүргийн нэг нь энэ заалт. Цэргийн жинхэнэ албыг 1  жилийн хугацаатай хаах, 2 жилийн хугацаанд биеэр дүйцүүлж хаах, мөнгөн хэлбэрээр дүйцүүлж хаах зэргээр Монгол улсын Үндсэн хуулинд заасан үүргийг биелүүлж болдог байна. Би Үндсэн хуулинд заасан үүргээ биелүүлэхээр 2 жилийн хугацаанд цэргийн албыг биеэр дүйцүүлж хаах сонголтыг сонгон 2015 оны намар 10 сард Цэргийн штабт бүртгүүлсэн юм. Биеэр дүйцүүлж алба хааж байгаа иргэн цэргийн 2 удаагийн сургалтанд хамрагдаж, 2 жилийн дотор 180 хоногоос багагүй хугацаанд ажилласан байх ёстой.

Нийслэлийн цэргийн штабаас цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулах болж дүйцүүлэх албан хаагч нар тус сургалтанд хамрагдах болсон байв. Дүүргийн цэргийн штабаас надруу  утасдаж, цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтанд явах болсон, явах бэлтгэлээ сайн хийгээрэй, ор хөнжлийн даавуу, оо сойз, солих оймс, биеийн тамирын хувцас, пүүз, гутлын тос зэргийг марталгүй авч яваарай гэв. Гар утас авч явахыг хориглоно, аль цэргийн ангид очиж байрлахыг хэлэхгүй, 6 сарын 6-ны даваа гарагт 8 цагаас хоцролгүй Хангарди ордны хажууд ирсэн бай гэж үүрэг өглөө.
1 дэх өдөр
Даваа гарагийн 8 цагт Хангарди ордны хажууд ирвэл дүүргүүдийн цэргийн штабын офицерууд, дүйцүүлэх албан хаагч нар ирсэн байх бөгөөд дүйцүүлэх цэргүүд дүүрэг тус бүрээр жагсаж зогссон байна. 
Биокомбинатын 326 дугаар ангид ирлээ. Биднийг жагсааж зогсоогоод 2 салаа болгож хуваав. 1 дүгээр салаан даргаар ахмад Ганхуяг, 2 дугаар салаан даргаар ахлах дэслэгч Отгонжаргал нар ажиллах боллоо. Би 2 дугаар салааны байлдагч болов. Салаа салаагаараа жагсаалын бэлтгэл хийж, даргын командаар ажиллалаа. Хичээлийн хуваарь болон тус ангийн талаар мэдээлэл аваад өдрийн хоолонд орох цаг болсон байв. Хоолонд орохдоо хоорондоо юм ярьж таарахгүй, ярьвал босож хоолоо иднэ. Нэг ширээнд 8 хүн сууна. Ширээний хамгийн захад суусан хүн босож хоол, цайгаа аягална, хооллож дуусаад аяга тавгаа хураана, ширээгээ арчина гэж мэдээлэл өгөөд өдрийн хоолоо идлээ. Бид бүхний сургалтын үйл ажиллагааг цэргийн ангийн ном журмаар явагдах бөгөөд өглөө 6 цагт босож гарч жагссан байна, хуваарийн дагуу хичээл сургалтаа үзээд орой 23 цагт амарсан байна гэж салаан дарга мэдээллээ. Та нар өглөө босохдоо зэрэг босно, жагсахдаа зэрэг жагсана, гүйхдээ зэрэг гүйнэ, хоолоо зэрэг иднэ, гутлаа зэрэг тослоно, бие засахдаа ч хүртэл зэрэг л явна цэрэг гэдэг үгийг “нэг зэрэг” гэсэн утгатай шүү гэж хэллээ.
Цэргийн ангид очсон эхний өдөр нэлээд халуун нартай байсан ч үдшийн 23 цаг хүртэл жагсаалын бэлтгэл хийж амрах суух завгүй байв. Шөнө хэн нэгний нь бие өвдсөн тухай сонсогдож Сонгинохайрхан дүүргээс ирсэн хоёр ихрийн нэгний нь даралт ихэсчээ. Даралт ихэссэнээс болж Жавхлантөгс, Жавхлангэрэл хоёр нэг нь их даралт, нөгөө нь бага даралт гэдэг нэртэй болсон билээ. Цэргийн ангид гар утас барихыг хориглодог ч миний бие цэргийн дарга нараас нууж гар утас барьдаг байв. Цэргийн онолын хичээл ордог багш намайг утастай байгааг мэдчихээд салаан даргад хэлж орхив. Салаан дарга миний гар утсыг хураагаад авчихлаа. Би иргэдийн хуралд ажилладаг. Надруу сонгуулийн хэсгийн хорооноос ярих учиртай, би санал тоолох машин ажиллуулах даамал хийнэ. Намайг яаралтай ир гэвэл би чөлөө аваад явахаас өөр замгүй гэж тайлбарлаж утсаа авав. Ингээд би иргэдийн хурал гэдэг нэртэй болсон юм.
2 дахь өдөр
Өглөө 5:50 д сэрээд, сэрээд гэсэн жижүүрийн дуугаар нэгэн зэрэг босоцгоов. Биеийн тамирын хувцсаа өмсөөд жагсаалаар явж бие засаад, гүйлтийн замын талбайг 5 удаа тойрч гүйв. Дараа нь амьсгалын дасгал хийгээд, гар дээр 60 удаа сунайв. Угаалтуур орж гар нүүр, шүдээ угаагаад Батьелоны байрандаа орж цэргийн хувцсаа өмсөн, гутлаа гялалзтал тослов. Гутлаа гялалзтал тослох, хувцсаа эвхэж тавих, орыг сахар шиг дөрвөлжин хураадаг болох талаар ярьж түрүүч Гансүх хувцас эвхэх, орны бүтээлгийг эвхэж тавих зааврыг өгөв. Биднийг өглөөний цайндаа явсан хойгуур дэд хурандаа Эрдэнэбаяр өрөөний цэвэрлэгээ, ор хураалт зэргийг шалгасан байв. Өдрийн хоолны цаг болж ширээ ширээндээ суудлаа эзлэв. Өчигдрийн хоолыг би аягалсан болохлоор хажуу талынхаа албан хаагчийг хоолоо аягалаарай гэж хэлтэл 1 дүгээр салаан дарга намайг цонхоор харж байжээ. Юу яриад байгаа юм “босож хоолоо ид” гэж байна. Цэргийн ангид байгаа учир арга буюу хоолоо босож идэв. Өдрийн хоолны дараа батьелоны үүдэнд жагсаалаар иртэл одоо гутлаа тайлаад өрөөндөө ороод, ороо засаад унтаж амарцгаа гэж салаан дарга хэллээ. Цэрэгт цэцэрлэгийн хүүхэд шиг өдөр унтуулдаг юм байхдаа гэж бодож гайхаад, орондоо ороод хэвтсэн чинь нам унтаж орхижээ. Жижүүрийн дуу цуурайтаж “сэрээд, сэрээд” түгшүүр гэж орилов. Ор дэрээ ч хураахгүй хамаг л хурднаараа хувцсаа өмсөж, тэлээгээ ч тэлээлэх завдалгүй гарцгаав. Салаан дарга нар түгшүүр гарсан, жагсаалаар дагаад гүйцгээ команд өгч цэргийн ангийн хаалгаар гарч гүйлээ. 3 км шахам гүйж явтал зарим нэг нь гүйж чадахаа болиод хойно үлдэв. Цэрэг гэдэг үг нэг зэрэг гэсэн үг, хойно үлдсэн найзуудаа очиж авнаа гээд баруун мөр түрүүлж гүй гэв. Хойно үлдсэн хэдийг эргэж очиж аваад үргэлжүүлэн гүйв. Цэргийн ангид унтуулдаггүй бөгөөд түгшүүрийн үед нойроо ялж дийлэх, хэр хурдтай ажиллахыг шалгаж, гэнэтийн бэлэн байдлыг сорьсон сургалтын нэг хэлбэр нь “Өдөр унтуулах” байжээ. Оройн тооны дараа 1 дүгээр салаан дарга,ахмад Ганхуяг асуух зүйл байна уу гэж асуув. Манайхан бүгд л “нэгэн зэрэг дуугаар үгүй” гэцгээв. Би “байна” л гэлээ. Юу юм гэж байна. Би дэлгүүр орж болох уу? Гэлээ. Ахмад “Болохгүй” караоке байна уу, дуулъя гэх нь л дээ гэж байна. Ахмадын хэлэх үгийг гадарлаж байсан ч юу гэж хэлэхийг нь сонсмоор санагдаад асуулт асуусан билээ. Батьелоны байрандаа ороод орныхоо хажууд зогсож байгаарай гэж салаан дарга хэлэв. Бид орныхоо хажууд зогсоод салаан даргыг хүлээж байтал “Салаан дарга шүдэнз зурж асаасан орж ирлээ. Тэгснээ тайчаад команд өгч бид нар хамаг хурдаараа хувцсаа тайлж шидлэв. Гэвч шүдэнз асаж дуусахад арай ч амжсангүй. Бүгд эргээж хувцсаа өмсөөд “шүдэнз” зуран тайчаад команд өгөхөд бүгд хувцасаа тайлж амжив. Зарим нэг нь тэлээгээ тэлээлэхгүй сул орхих, хувцасаа нимгэлж үлдээх зэрэг аргуудыг хэргэлж, санаа сууцгаасан албан хаагч нар болцгоов.

3 дах өдөр
Бид магазин сумлах, буу задлах, угсрах, хамгаалалтын иж өмсөх, гранат шидэх зэрэг бэлтгэлийг хийнэ. Гранатын талбайд сургалтын гранат шидэж бэлтгэл хийж байтал бороо орлоо. Бороо нэлээд ширүүсч гранат шидэх бэлтгэлийг болиулав. Одоо ангируу оруулах нь дээ гэж бодож байтал Баянгол дүүргийн цэргийн штабын офицер, дэд хурандаа Д.Эрдэнэбаяр, ахлах дэслэгч Отгонжаргал, Ахмад Ганхуяг нар ярилцаж байснаа “тайчаад” команд өгч бид нар дотуур хувцаснаас бусад бүх хувцсаа тайлав. Бороонд хувцаснуудаа барьсаар гүйлтийн замыг тойрч 3 удаа гүйлээ. Бороо орохоор хүмүүс цув өмсөж, гэрлүүгээ яардаг атал бид эсрэгээрээ хувцсаа тайлж нүцгэн гүйцгээсэн ч сэтгэл дундуур хүн төдийлөн харагдсангүй, харин ч аятайхан байх шиг санагдав. Цэргийн амьдрал бол хөл чинь шивэртсэн ч гутлаа солихгүй, хөлс чинь гоожсон ч арчихгүй байх тэвчээрийг суулгахыг зорьдог. Арван хуруу чинь гутландаа, алаг нүд чинь аягандаа хөдлөхийг л зарим үед зөвшөөрдөг гэж Салаан дарга хэллээ. Оройн тоонд цэргүүд жагсаж, бид ч адилхан жагсав. Нар жаргах үеэр тэнд шумуул ихтэй. Номхон команд авчихсан байхад шумуул хазаад загатнуулна. Номхон командтай юм чинь тэнд тэвчихээс өөр аргагүй, зэрэгц командтай үед бол бүүр танк ирээд дайрсан ч хөдлөхгүй байх ёстой гэж жагсаалын дарга хэлэв. Зэрэгц командтай байхад явж болно, гараа угаацгаа, таны нэр хэн бэ зэргээр шалгана. Бид ихэнхдээ шалгалтанд унадаг байв. Оройн тоо гэдэг нь “дайны үед цэргүүдээ орой жагсааж, тоог нь аваад дайнд үрэгдсэн нөхдөө дурсаж дуу дуулж алхдаг” учиртай аж. Оройн тоонд хэд хэдэн удаа жагсаж овоо хэдэн дуу сураад авав.
4 дэх өдөр
Өглөө босдог цагтаа босож, хийдэг зүйлсээ хийв. Өнөөдөр бол хуваарийн дагуу соёл хүмүүжлийн ажил явагдах өдөр. Нийт албан хаагчдын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион явуулах болжээ. Офицерууд нэг баг, албан хаагчид дүүрэг тус бүрээр нэг, нэг баг гаргаж нийт 10 баг бүрдэв. Багууд сугалаа сугалаж “нугалах” дүрмээр эхний тоглолтыг хийж 5 баг үлдээд, үлдсэн 5 баг тойргоор тоглох болов. 2 дугаар салааны Баянзүрх дүүргийн манай баг гар бөмбөгийн тэмцээнд түрүүлж ротын даргаас торт, түмний ундаа, боорцгоор шагнуулав. Урд өмнө янз бүрийн шагналууд хэд хэдэн удаа авч байсан ч энэ удаагийн шагнал хэзээ ч мартагдахааргүй гоё шагнал байв. Өнөөдөр оройн тоог бороотой байсан болохлоор хийхгүй амрах болсон ч дүйцүүлэх албан хаагчдыг 23 цаг хүртэл жагсаалын бэлтгэлээ хий гэж үүрэг өгөв. Түрүүч Гансүх жагсаалын бэлтгэлийн үед та нар амармаар байна уу гэж асуув. Манайхан бүгд нэгэн зэрэг “үгүй” гэж хариулав. Жагсаалын дарга чөлөөтэй хариулах асуулт асуусан тул Би “амруулвал амармаар л байна” гэж хэллээ. Цэрэгт өөрийгөө хамгаалсан үг хэлэх эрх чөлөө хэр байдгийг мэдэхээр дээрх хариултыг хэлсэн билээ. Гэхдээ шинэ цэрэг, хал цэрэг, дүйцүүлэх албан хаагч нарын хооронд “Ялгаа” бий.
5 дах өдөр
Нэгэнт эрт босно гэдгээ мэддэг болсон болохлоор бараг дуудуулахгүй сэрчихсэн хэвтэж байв. Өнөөдөр өглөөний цайндаа орсны дараа жагсаалын бэлтгэлээ хийж “тараад” командаар ажиллалаа. Тараад командаар аль болох л “хол” гүйж өөрийгөө хамгаалах ёстой. Гэвч сургалтын үе болохлоор манайхан нийх хол гүйхгүй байсан байх. Салаан дарга бид нарыг номхон зогсоогоод батьелоны байрыг тойруулж уралдуулна, хамгийн сүүлд ирсэн 10 алба хаагчийг гар дээр 70 удаа суниалгана гэв. Анхаар, марш командаар гараанаасаа гарцгаалаа. 70 суниаж шийтгүүлэхгүй гэсэндээ тэр үү, яарч сандарсандаа тэр үү байлдагч нарын тарьж байсан модны дээгүүр хэд нь гишгэлээд гүйчихлээ. Би ямар ч байсан сүүлийн 10 т оролгүй дундуураас арай дээхнүүр гүйж ирж жагсаалдаа оров. Сүүлдэж ирсэн 10 жагсаалын хойно суниаж байна. Тарьсан модны дээгүүр гишгэсэн “3”жагсаалаас гар гэж салаан дарга тушаав. 2 нь жагсаалаас гарчлаа, 1 нь гардаггүй. Гэтэл жагсаалын дарга шударгаар гарч ирж чадахгүй байгаа бол салаагаараа 70 удаа суниана даа гэж хэлэх үед би жагсаалаас 3 алхаад гарчихав. Надаас түрүүнд гарсан 2 бол 70-ыгаа дөнгөх 2 байжээ. Модон дээр гишгээгүй ч салаагаа өмөөрсөн би арайхийн 70 даа дөхүүлж дуусгав.


6 дах өдөр
Өнөөдөр 326 дугаар ангийн хал цэргүүд, шинэ цэргүүдээс шигшээ 2 баг гарч, манай дүйцүүлэх алба хаагчдын нэг, хоёрдугаар салаанаас шигшээ 2 баг гаргав. Нийт 4 баг гарбөмбөгийн тэмцээн явуулж, нөхөрсөгөөр тоголлоо. Шигшээ багууд эн тэнцүүхэн тоголцгоосон ч манай 2 дугаар салааны баг нэг ч хожигдолгүй дахин түрүүлсэн юм. Тэмцээнд оролцсон цэргийн албан хаагч нарт бид бүхэн офицеруудын бэлтгэсэн бэлгийг гардуулж өгөөд тэмцээн өндөрлөв.
Тэмцээний дараа ангийн үүдэнд жагсаагаад орж амарцгаа гэв. Зүв зүгээр байж байгаад амраахгүй нь лавтай, дахиад л түгшүүрээр ажиллах нь дээ гэж таамаглаад энэ удаад унтахгүй хэвтэж байгаад босохоор шийдэв. Бид нарыг унтаж байна уу гүй юу гэдгийг офицерууд байн байн шалгаж байв. 30 минут шахам хэвтлээ. Цаг ердөө явж өгдөггүй. Нэг мэдсэн сэрээд, сэрээд, авч ирсэн бүх юмаа аваад гар, хөнжил пүүгээгээ бүгдийг нь ав. Ангид юу ч үлдэх ёсгүй шүү. Хурдал, хурдал, бушуул, гүйгээд яв гэж команд өглөө. Юмаа үлдээсэн байвал нударган дээр хуваарьтай суниана гэж байна. Хоёр салаагаараа ачаатай тэмээ гэгчээр болж аваад гүйцгээлээ. Цэргийн ангид очихоор зав чөлөө гардаг л байж таараа гэж бодоод хотоос гарахдаа гитараа авчихсан юм. Гитараа бараг нэг ч удаа цүнхнээсээ гаргаагүй байж байгаад түгшүүрийн дохиогоор ачаан дээр ачаа нэмж үүрч гүйв. 2 дахь удаагийн түгшүүрийн дохиогоор даалгаврыг амжилттай биелүүлэв. Мөн 2 салаагаараа 10 км жагсаалаар гүйлээ. Энэ удаад гүйхдээ тааруухан, хоцордог алба хаагч нараа тусад нь ойр зайд гүйлгэсэн юм. Багадаа ээжтэйгээ аргал их түүж байсных түгшүүрээр бүх ачаагаа үүрч гүйж дөнгөв, малдаа их гүйж байсных өглөөний гүйлтүүд, 10 км ын гүйлт зэрэгт нийх амьсгаадаж сүржинэсэнгүй.

Сургалтын хугацаа дуусч сурсан мэдсэн зүйлээрээ шалгалтанд оров. Шалгалтын билет сугалахад "Цэргийн хариуцлага" гэдэг асуулт ирлээ. Багшийн бичүүлсэн бүхий л онолыг хэлж ярилаа. А үнэлгээ авах байх гэтэл багш надад В үнэлгээ өгөв. Цэргийн хүнд үнэлгээ нь хүртэл хат суулгах зорилготой байдаг юм байлгүй гэж бодоод өнгөрөв. Магазин сумлах, ОП цув өмсөх даалгавруудыг амжилттай гүйцэтгэж, гар дээр 30 секутэнд 46 удаа суниаж хангалттай дүгнэгдэв. Цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын хаалтын үйл ажиллагаанд манай салаа 1,2,3 дугаар 16 тоот дасгалыг хийж гүйцэтгэв. Төгсөлтийг нээж Анхбаяр хурандаа үг хэлсний дараа ротоо төлөөлж үг хэлнэ үү гээд намайг урьж үг хэлүүллээ, мөн хэрэг болгож авч явсан гитар маань чухал үед үүргээ гүйцэтгэж хаалтын үйл ажиллагаанд ашиглагдсан юм. 1 дүгээр салааны Буянаа хурд хамтлагийн эх орон дууг тоглож, Наранбаатар бид хоёр дуулсан юм. Сургалтаа амжилттай төгссөн явдалд баяр хүргээд, бидэнд сертификат олгов. 
Тэмдэглэлийнхээ төгсгөлд салаан дарга, ахлах дэслэгч Отгонжаргал, болон бусад офицерууддаа баярлаж талархсанаа илэрхийлье. Үлдсэн зарим нэг зүйлсийг Цэргийн нууц гээд орхие.

2016.06.28

Comments

Popular posts from this blog

Миний Өвөрмонгол найз

Санаандгүй гаргасан алдаа уучлагддаг