Мал маллах сайхан
Хөлд орсон цагаасаа би ишиг хургатай найзласан хүн л дээ. Манайх хөдөө мал маллана, малчин айл. Намайг гэрт харах хүнгүй болчихоороо ишиг хурганы хашаан дотор оруулчдаг байсан гэсэн. Хурга ишигтэйгээ тоглож өдөр өнгөрүүлдэг байжээ. Арай том болж морь унаж сурсан, номхон морь хэдий ч намайг аргалаад унагахаа мэддэг байлаа, нэг удаа морио унаад явж байтал гялгар уут хийссэнээс болж морь намайг "авч давхисан" юм. Амыг нь татвал зогсоно гэж бодож жолоогоо татсаар байгаад дийлэхгүй мориныхоо хүзүүн дээр гарч ирээд уначиж билээ. Ингэж нэлээн олон удаа мориндоо шидүүлсэн. Зарим үед мориноосоо айхаараа уул өөд давхиж байж морио эцээдэг байлаа, унахаасаа сэргийлж байгаа нь тэр. Манайх цагаан, хар зүсмийн хоёр номхон морьтой, ээлжилж бариж сар сараар унадаг байлаа, давхиж сүр болохгүй, хол явж эцээдэггүй байсан болохоор сар унахад яадаг ч үгүй байв, нэг өглөө хар морь маань аргамжсан газраа байдаггүй, муу аргамжаад алдуураад яваа юу гэхээр аргамжаа нь ч байхгүй, тасдуулсан ч шинжгүй, адуундаа ч очоогүй, ор сураггүй алга болжээ. Ингэж хар морио хулгайд алдчихав, эрэл сураг болж нэлээд явсан ч, морин дээрээ мөнгө нэмж үрснээс өөр ашиг гарсангүй. Цагаан морио сар унаж, сар амраахдаа дугуй унадаг, ихэнхдээ явган явдаг болсон юм. Манай "хомбогор"-цагаан морио ингэж нэрлэдэг даага байхдаа сумын наадамд уралдаж, том ах Сүхбаатар уяж 3т орж байсан хурдан хүлэг, хөл хөнгөн, явдал сайтай сэмбэлзүүр морь байсан ч, хөгширсөн учир зарсан юм, манайхан мал малладаг малыг ойлгодог, малд хайртай хүмүүс, бор халзан хайнаг үнээгээ хөгширсөн ч гэсэн зарж чадахгүй хайрлаж байгаад хөгшин хайнаг үнээ мөсөн дээр хальтарч унаж өөрийгөө зовоосноос хойш малыг хөгшрүүлж болохгүй юм байна, өөрийгөө зовоодог юм байна гэж ойлгосон юм. Манайх халзан ямаатай жил бүр халзан ишиг гаргадаг ч төлөө авч чаддаггүй байжээ. Ингээд надад тэр халзан ямааг өмчилж өгсөн юм гэсэн. Надад ирсэн халзан ямаа хавар ихэр ишиг гаргаж, ихрүүд ч ишиглэж халзан ямаанууд нэлээд өсөж би хэсэгтээ баяжсан юм, сүүлдээ ч халзан ямаа л байвал минийх гэж боддог байсан үе ч бий. Манай ах эгч нар тус тусдаа гарч улсын ажил хийх болж би хэсэгтээ малаа малладаг байсан ч оюутан болсноос хойш хүнээр хэсэгтээ малаа маллуулсан юм, хүний малыг хүн өсгөж өгнө гэж байхгүй гэдгийг ойлгож хонь ямаагаа бүгдийг нь зарсан. Одоо манайх гэж саалийн хэдэн үнээтэй малчин айл Шинэ-Идэрт бий дээ.
2014/9/3

Comments
Post a Comment