Багш болно гэж мөрөөддөг байлаа



Юу ч мэдэхгүй, мэргэжлийн ямар ч төсөөлөлгүй хүүхэд байхад ямар мэргэжилтэй хүн болох вээ гэж асууцгаадаг байлаа. Хамгийн анх багш болно гэж бичүүлж байснаа санаж байна. Харин дунд ангид сурч байхад Оросын Цэрэг эрс, цэргийн сургууль гээд кинонууд гарч эрэгтэй хүүхдүүдийг цэргийн хүн болно гэсэн мөрөөдөлтэй болгочихсон, би ч цэрэг болно, цэргийн дарга болно гэж дотроо бодож цэргийн хүн болохоор шалгалтанд бэлтгэдэг боллоо, харин намайг сургуулиа төгсөх жил хилийн цэргийн сургууль цагдаагийн академид нэгдчихсэн ажиллах боловсон хүчин илүүдсэн гээд элсэлт авсангүй, манай гэрийхэн ч намайг цэргийн хүн болно гэхээр дургүй байсан юм. Бодвол үүрэг даалгавар аваад, цаг наргүй ажиллаад хэцүү байна гэж бодсон байх. Ингээд цэргийн мэргэжилтэй болох ч энэ удаад талаар боллоо.
9-р ангид нийгмийн тухай мэдлэг хичээлийг Ж.Лхагваа багш орж, би энэ хичээлд дуртай болж, нийгмийн тухай мэдлэгийн ном сурах бичиг шимтэн унших болсон юм. Элсэлтийн шалгалтанд Нийгмийн хичээлээр бэлтгэсэн сурагчид хамгийн их, харин нийгмийн хичээлээр ирэх хуваарийн тоо хамгийн бага байдаг. Тиймээс маш сайн бэлтгэж байж л хүсэл сонирхолтой хичээлээрээ мэргэжилтэн болно гэж багш зөвлөдөг байсан. 11-р ангидаа  нийгмийн хичээлийн сонгонд явдаг сурагчдаасаа шалгарч сумын сургуулиа төлөөлөн аймгийн олимпиадад явлаа. Олимпиадын дүн гарахад би хувийн оноогоороо нэлээд хойгуур оржээ. Дунд ангийн сурагч, ахлах ангийн сурагч, багш гурвын онооны нийлбэрээр байр эзлүүлэхэд манай хоёр өндөр оноо авсан ч би багаа хойш татаж, хойгуур байранд орууллаа. Олимпиадад явсан багш сурагчдын хурал болоход цаг гаргаж бэлдсэны ашиг гаргасангүй гэж би нэлээд шүүмжлүүллээ. Үүнээс хойш өглөө бүр 6 цагт сургуульдаа ирж хичээлээ давтана, өдөр гэртээ ирж цайгаа уучаад эргээд сургууль явна, орой гэртээ ирж хоолоо идчээд номоо уншина, орондоо орж унтахдаа тестээ ажиллана, зарим үед номоо дэрлээд унтана, заримдаа номоо орныхоо урдруу унагачаад унтана. Иймэрхүү байдлаар 6 сар хүртэл бэлтгээд сурагчдын олимпод орсон юм. Би 1000 гаруй сурагчид өрсөлдсөн нийгмийн тухай мэдлэг хичээлээр аймагтаа 2 р байранд орлоо. Мөн Монгол хэл Монголын түүхийн хичээлээр 3 р байранд орсон, Нийгмийн тухай мэдлэг Англи хэлний хичээлээр 4 р байранд орж хэд хэдэн хичээлээр шөвгөрч, шүүмжлэлийг өөртөө тусгаж авч хоёр сар хүрэхгүй хугацаанд үр дүнг нь үзсэн. Хэрвээ олипиадад дээгүүр байранд орсон бол магтуулаад магтаалдаа онгироод юу ч хийгүй байж байгаад муу оноо авах байсан даа гэж одоо боддог юм.
Шалгалт өгөхөд ч амархан байсан, харин мэргэжил сонгоход ёстой амаргүй юм болж багын мөрөөдөл багш мэргэжлээ сонгохгүй монгол улсын их сургуулийн улс төр судлалын ангийг сонгож мөрөөдлөөсөө нэг удаа уравсан юм. Би Монгол Улсын Их Сургуулийг сонгож авчихаад өөртөө би буруу сонголт хийлээ дээ гэж нэг ч удаа бодож байсангүй ээ. Их сургууль надад ихийг зааж өгсөн. Их сургуулийнхаа дипломыг үзүүлж өндөр оноотой мундаг төгссөн байна гэж урмын үгээр шагнуулж төрийн албанд ажилд орсон. Энэ их сургуулийн минь юм.
Сурагчид бие биендээ хичээл заадаг сурагчын хишиг өдрөөр би түүхийн хичээл, нийгмийн хичээл сонгож үеийн сурагчиддаа заадаг байсан. Өөрийгөө сойдог морь гэгчээр багш болохоор бэлтгэж байсан үе л дээ. Манай хөгшин ээж, эгч хоёр намайг багш болоорой чи сайн багш болж чадна гэж дэмждэг байсан, харин манай найзууд чи багш болвол хүүхдүүдийг сурган хүмүүжүүлж чадна, сайн багш болно доо гэж урамшуулдаг байлаа. Гэхдээ би Монгол улсын боловсролын их сургуульд сурч байж л багшлах эрхтэй болох байсан юм. Би МУБИС-д сурч түүх нийгмийн багшийн ангийг төгсөн багын мөрөөдлөө 2015 онд биелүүллээ. Ер нь хүний мөрөөдөл хэзээ нэгэн цагт биелдэг л юм байна.


2015 оны 5 дугаар сар 2

Comments

Popular posts from this blog

Миний Өвөрмонгол найз

Санаандгүй гаргасан алдаа уучлагддаг