Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз



Ажилтан болоод анхны амралтаа аван гэртээ ирээд амарч байна. Оюутан байхад бүхэл бүтэн зуны улиралд тэр чигээр нь амардаг байсан мөртлөө бага амарчихлаа даа гэж боддог байсан. Харин төрийн албан хаагчид олддог амралт бол ердөө л сар ч хүрэхгүй амрах хугацаа юм. Үүнтэй харьцуулахад оюутны зуны амралт бол харьцуулшгүй урт амралт байжээ. Төлөвлөсөн ажлаа эртхэн дуусгаж сумын наадмаас өмнө гэртээ ирэхээр ихэд яарч хэлтсийн даргаасаа чөлөө авч наадмаас өмнө амжиж нутагтаа ирлээ, ижийдээ ирлээ. Сумын баяр наадмын урлагийн тоглолтонд дуу дуулж оролцож, хүчит бөхийн барилдааныг шимтэн сонирхож, эрийн гурван наадмаас морины уралдааныг илүүтэйгээр сонирхон үзэж, зурсан зураг шиг болтлоо уягдсан хурдан буянуудыг бариандаа ороход нь самсаа шархирч зогссон минь яаран яарч ирсний яалт ч үгүй нэг шалтгаан мөн билээ. Сумын наадмын дараа Хөвсгөл далайн эрэгт аймгийн оюутан залуусын чуулга уулзалт болоход хэсэг нөхдийн хамтаар уулзалтанд оролцож, залуучуудын барилдаанд нь барилдаж хоёр даваад гурвын даваанд өвдөг шороодов. Гар бөмбөгийн тэмцээн болоход багаараа оролцож гайгүй сайн тоглоцгоолоо. Дэлхийд гайхагддаг гүн цэнхэр далайн эрэгт 2 хонож сайхан амраад ирлээ. Тун удалгүй идэр бүсийн сумдын нэг болох Төмөрбулаг сумын 90 жилийн ойн баяр наадмыг очиж үзлээ. Улсын цолтой нэлээд олон бөх ирж зодоглож байна. Тэд даанч бяраа шавхсан сайхан барилдаан хийсэнгүй. Төмөрбулаг сумын харъяат гэж цолоо дуудуулдаг бөхөд барилцаж авсан болоод унаад унаад өгцгөөв. Ийм хачин зан үйл хийснийхээ төлөө тэд наадамчин олонд хүндлэгдэхээ больж байгааг би анзаарлаа. Харин залуу бөхчүүд бол жинхнээсээ эр бяраа үзэж, үзүүштэй сайхан уран барилдаж наадмыг чимлээ. Тэр орой хотоос дуучид ирж гадаа талбайд тоглолт хийв. Зарим нэг нь дуугаа явуулж, дагаж амаа хөдөлгөж үзэгчдээ доромжлов. Харин ихэнх дуучид нь оригналаараа дуулж наадамчин олныг хүндэтгэлээ. Ямар ч зүйлд “үнэн” худлыг дийлдэг. Улсын цолтой бөхөөс ямар ч цолгүй бөх олны хайрыг татаж барилдаж байсан, ам барьдаг нэртэй дуучнаас ам бариагүй дуулсан хөдөөний тэр ах хавьгүй их хүндлэгдсэн. Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз гэж Монгол ардын зүйр үг бий. Энэ зун ч хүнтэй танилцаж, газар үзэж нэлээд явлаа даа би.

2015/07/28

Comments

Popular posts from this blog

Миний Өвөрмонгол найз

Санаандгүй гаргасан алдаа уучлагддаг