Уйдах завгүй хүн
Би хотод сурч ажиллаж байхдаа ээж минь ганцаараа их "уйддаг" байхдаа гэж боддог байв. Гэвч ээжийн хийдэг ажил цаг хугацаа их шаарддаг, зав гаргахад үнэхээр бэрх тийм ажил байдаг юм байна. Ээжийг хоёр хоног биеэ үзүүлэхээр мөрөн явсан хойгуур гэрээ сахиж, өдөр тутмын ажлыг нь хүлээж авч, үнээ саахаас бусдыг нь өөрийн гараар хийж үзэв. Өглөөний 7 цагт үхрийн зэлэн дээр очиж үнээгээ саалгана, үхэр тугалаа бэлчээрт гаргаж тууна. Сүүгээ авч гэртээ ирээд өчигдрийн загсаасан өрмийг ивлэж, болсон сүүгээрээ тараг бүрнэ, хусам тогтсон тогоог угааж цэвэрлэнэ, дараа нь цайгаа чанана. Худаг онгойхоор усаа зөөж чачарганы мод, төмс, сонгино, цэцэг зэргийг услана. Зарим өдөр залгуулаад тогоо нэрнэ, ус халж байх хооронд гэрээ цэвэрлэнэ. Ааруулаа наранд тавьж хатаана. Миний хувьд дээрх ажлуудын зарим нэгийг хийсэн чинь өөртөө цайгаа ууж, өрөм талхаа идэх зав гаргаж чадахаа байх дөхсөн юм. Цайгаа уусны дараа тугалаа худаг дээр тууж аваачиж гараар ус зөөн услана, үхрийн зэлэн дээрээс хатсан аргалуудыг шуудайнд хийж гэртээ авчирч аргалын утаа үнэртсэн малчны гэрийг бий болгоно. Тэр утааг үнэрлээд баймаар сайхан үнэртэй байдаг. Өдөр тийш нэг зав гарч амрахнуу гэтэл тугал бяруу уруудана, эхтэй нь нийлэхээс өмнө өгсөөнө. Оройны үхэр саах хугацаа болж үхрээ хурааж ирж үнээгээ саалгуулаад, сүүгээ хөөрүүлж самрана. Ингэж тэгж, ийш тийш явсаар байтал бэлчээрт гаргасан үхэр тугалаа орой хураах цаг болсон байв. Шинэхэн ажилтанд цагийн менежмент алдагдаж оройны хоолоо хийж идэхээ мартсан байлаа. Энэ олон ажлыг зэрэг амжуулдгийн нууц нь ээж бүх ажлаа зэрэг хийдэг байсантай холбоотойг сүүлд олж тогтоосон билээ. Миний хийдэг ажил өглөө 8:30 аас эхлэж орой 17.30 д тарж завтай болдог, харин ээжийн хийдэг ажил өглөө 7 цагаас эхлэж орой 23:00 цагт дуусдаг юм. Ийм олон цагаар ажилладаг хүнд уйдах зав хаанаа олдох билээ.
Угтаа уйдна гэдэг бол юу ч хийдгүй хүний цагийг хэрхэн өнгөрөөх вэ гэсэн бодлын үр дүн байж.
2015/7/28
Comments
Post a Comment