Атаархал

Өөрөөсөө илүүг хүлээн зөвшөөрч чаддаггүй, өөрөө дийлэхгүй болохоор үзэн яддаг үзлийг атаархал гэнэ. Энэ тодорхойлолтыг хэн нэгэн хүнээс сонсож, энд би бичээгүй юм шүү, зүгээр л атаархал гэдэг зүйлийг бодлоороо тодорхойлж байгаа маань энэ. Атаархал хэнд ч хэрэггүй, бүүр хэнд ч хэрэггүй атал юунд бие биенээ үл ойлгож, атаархана вэ. Ангийнхныхаа дүнг гаргуулахаар багш нартай уулзахад байгаа дүнг байгаагаар нь л гаргаж өгнө, зарим нэг хүмүүс хангалтгүй оноо авах гэвэл ангийн даргын хувьд тэнцүүлж өгөхийг багшаас гуйна, зарим нэг магистрантууд онц авахаас арай доогуур дүгнэгдчихвэл оноог нь арай дээшлүүлж болохсон болов уу гэж багшаас асууна. Энэ бүгдэд багш бүр бараг нэг л хариулт өгч оюутнууд чинь их барьцамтгай штээ, хэн нэгнийг нь арай дээгүүр үнэлчихвэл нэмэлт бие даалтаар оноогоо ахиулждээ гэхээс урьдаар багшийн шударга бусыг гайхаж, бид хоёр адилхан оноо авсан байхад яагаад “энэ” надаас сайн оноо авч байгаан гээд хэл ам гаргана гэдэгсэн, би улайран тэмцэж манайхан дотор тийм хүн байхгүй багшаа гэхэд байдаг л юм даа гэсээр ангиас гарч одно. Багш нарыг энэ хэмжээнд нь хүртэл хашраасан хүмүүс чинь эргээд ярилцах боломжийг ор тас үгүй болгочихсон байдаг юм билээ. Энэ бол атаархалаас болж хэн нэг нь хохирч байгаа жишээ юм. Намайг монгол улсын их сургуульд сурч байхад Япон улсад докторын зэрэг хамгаалсан багш манай тэнхимд багшлахаар ирсэн юм, эхний хэдэн хичээлд их хатуурхаж, за нэг чанга багштай боллоо доо гэж бодож байсан ч алсдаа голын чулуу мөлийдөг гэгчээр багшийн зан чанарыг бид зөөлөлсөн юм. Хагас семистрын дүн гарахад дүнгээ ахиулуулахаар нэмэлт онооны шалгалт өгөхөөр нэлээд олон оюутан үлдэж түүн дотор би цохиж явсан юм, бүгд асуугдаж оноогоо нэмүүлтэл ихэнх нь онц дүн авахаар боллоо. Гэтэл багш ийм олон хүнийг онц гаргахгүй, ер нь нэмэлт онооны асуулт бол онц авах хүний хийдэг ажил биш гэж хэллээ, зарим нэгийн нь оноог ахиулж өгвөл та нар барьцаж бөөн юм болно гээд хэнд нь ч оноо нэмэх янзгүй байхаар нь би нэмэлт онооноосоо сайн дураар татгалзаж онц биш сайн дүнгээ авч ангийхан онц дүнгээ авсан юм. Тэр үед увс аймгаас нэг ангид сурч байсан Д.Сүрэнхоролоо анх удаагаа л дүнгийн хойноос гүйж, хамт олонтойгоо барьцалдаагүй Оогийг хараад үнэхээр их бахархсан шүү гэж хэлж байсан даа. Тэр орой ажил тарахаас өмнө багш дүнгийн СиСи системд дүнгээ шивж оруулахдаа миний В буюу сайн дүнг А буюу онц дүнгээр сольж оруулсан байсан нь миний тэр үед гаргасан шийдвэрийг үнэлсэн хэрэг байсан буй. Оюутны амьдралд дүнгийн атаархал хэзээ ямагт л байсаар ирсэн бол ажил дээр минь хүртэл хэн нэгний атаархал байсаар л байх юм. Би төрийн үйлчилгээний 6-р зэргээр цалин авч ажилладаг, Монголчуудын дундаж цалин 930 000 гэж саяхан зурагтаар гарч байна лээ миний цалин энэ дундаж цалингийн талд нь л хүрдэг. Ийм цалин аваад гэр бүл толгойлж байр түрээслэж тусад гарч амьдарч байгаа хүнтэй хүртэл л их цалин авч ажиллаж байна гэж атаархаж барьцалдана. Олон хүн зэрэгцэн аж төрж байгаа үед энэ атаархал гэдэг юм амь бөхтэй оршиж сэтгэлд сэв суулгасаар л байх бололтойдог. Атаархалаас болж хүндэтгэж байсан хүндлэл навс унадаг, туслана даа гэж бодож байсан бодол болиход хүрдэг, ярилцаж сайхан ойлголцоно доо гэх биш яриа хийхээс хүртэл татгалзахад хүргэдэг. Хүнд атаархаж байгаа хүн бол хорт алимнаас бага багаар амсаж байгаатай адилхан гэж би боддог. Яагаад гэвэл атаархсан хар сэтгэлийг дагаж дандаа сөрөг энерги ялгарч байдаг, тэр хар энерги хүнд хор хүргэхээс илүүтэйгээр тухайн хүнийг өөрийг нь л бага багаар хордуулж байдаг. Тиймээс атаархалаас ангид байж амжилттай яваа хүнийг дэмжиж, амжилтгүй байгаа нэгэнд туслая.

2015/08/28

Comments

Popular posts from this blog

Миний Өвөрмонгол найз

Санаандгүй гаргасан алдаа уучлагддаг