Ээждээ бичсэн захидал
Ээждээ бичсэн захидал маань Goolingoo.mn сайтаас зохион явуулсан “Ээждээ захидал бичээрэй уралдаанд шилдэг 3 захидалд шалгарсан байсан юм.
Энэхүү уралдааныг Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан зохион явуулж байгаад их баяртай байна.
Ээж минь " Гарын таван хуруу" шиг 5 хүүхэд төрүүлсэн Монгол улсын алдарт эх. Ээжийнхээ ач буяныг эрийн цээ, хүний зэрэгт хүрсэн хүүхдүүд нь ямагт санагалзаж, таныхаа ачийг хариулахыг хичээж явдаг. Ээж минь хүнд бэрх үеүүдэд хөл алдалгүй явж, даван туулж, хэдэн хүүхдээ хүний зэрэгтэй өсгөсөн таньдаа үргэлж баярлаж явдаг. Эрийн цээнд хүрч, толгой даах чадвартай болсон ч таныхаа үгнээс хүүхдүүд нь ердөө ч зөрж байсангүй. Таныхаа зөөлөн алганы амтыг бараг л хүртээгүй явтал хүү нь ухаан сууж том хүн болжээ. Та надад том ахыг ярихдаа "Ар гэрийн ачааг үүрэлцэж, хичээл номдоо шилдэг сурагч нь байж, олимпиад уралдаанд сургуулиа төлөөлөн жил бүр явдаг байсан" гэж хуучилдагсан. Намайг үлгэр дуурайлал аваасай гэсэндээ л ийнхүү сургадаг байсан байх. Санаанаас ердөө гарахгүй дурсамжууд надад бий. Манайх хөдөө гарч мал маллана, Ах эмчийн ажил хийдэг болохоор ийш тийшээ дуудлагаар явах болно, харин дунд ах, эгч хоёр маань оюутан учир хотод суралцана. Гэрийн ажилд хүн хүч дутагдаж бага хүү нь хавар бүр сараар чөлөө аван гэрийнхээ ажилд тусалдаг байж билээ. Сарын чөлөө авсан, хөдөөний малчин хүү надад даалгавараа хийх аргыг нь зааж өгөхөд хүү нь хичээсээр байж билээ. Сарын чөлөө дуусаж сумын төв орон ангийхантайгаа шалгалтаа өгөхөд хамгийн сайн шалгуулсан сурагчаар хөдөө сар гаруй мал малласан хүү нь шалгарч байлаа. Та энэ үед л их сайн багш гэдгээ харуулсан даа.
Ээжийгээ саалинд гарахад хамт гарч хүү нь ямаа сааж сурсан, таныг өдрийн хонио сааж байх хооронд оройн ажлаа хөнгөвчилөхөөр 2 дугаар ангийн хүү нь гурилаа зуурч элдэж тавиад, хоёр ширхэг дөрөвтийн битоноор усаа зөөн 40 -ийн битон дүүргэнэ, оройн сэрүү орохоор таньтай хамт аргалд явна.
Бага наснаас минь эрхийн ухаанд сургалгүй ажил амьдралын ухааныг ингэж л надад та зааж байжээ. Ингэж ажил хийлээ гээд хүү нь одоо бодоход ердөө ч эцэж ядарч байгаагүй юм байна. Миний ах эгч нар ч яг л энэ хэв загвараар хүмүүжсэн гэдэгт огт эргэлзэхгүй байна. Би их гэрсэг сурагч байсан учир 6-7 км ийн холоос хичээлдээ явган явдаг байлаа. Хол газар явган яваад байхаар хэцүү гээд хүүгээ хайрлан ээж минь унадаг дугуй авч өгсөн, тэр дугуйгаар хөлний булчингаа чангартал давхисан даа. Ингэлээ гээд эцэж цуцаж байснаа санадаггүй юм. Гэртээ ирж ээждээ туслаж, гэрийнхээ хоолыг идэх шиг сайхан зүйл юу байх билээ дээ.
Оюутан болж хотод ирээд удаагүй байсан юм. Хичээлээ тараад харих замдаа гандан орж залбираад гарч явтал :
Нэг эмээ: Мөрлөж үүрсэн шуудайтай будаагаа алдаж унагаах дөхөн явснаа миний хүү үүнийг дээш нь өргөөд өгөөч гэж гуйв. Тэгэхээр нь би шуудайтай будааг нь өргөн автобусны буудал хүртэл хүргэж өгөхөд, надад ингэж хэлсэн юм. Өөрөө сайн эмээ, сайхан ээжтэй болохоор л ийм байдаг байхдаа. Одооны хүүхдүүд бол эмээгээс нь зугтана, буян нь дэлгэрэг гэж билээ.
Хүү нь ерөөсөө хүмүүст туслах гэж л төрсөн мэт байдаг юм. Хүн юм хүсвэл түүнийг нь биелүүлчих л санаатай байдаг маань ээж таны минь л надад олгосон боловсрол юм. Би ийм сайн ээжтэйдээ үргэлжид баярлаж явдаг.
10 дугаар ангийн хүүхдүүдээс үзсэн бүх хичээлээр нь шалгалт авч дүнгээр нь жагсаагаад, хоёр ангийн хүүхдүүдийн эцэг эхийн хурал хийхэд хүү нь хамгийн өндөр оноо авч 1 дүгээр байранд жагсахад та хүүгээрээ бахархан сууж, хүү нь таниараа бахархан зогссон юм.
11 дүгээр ангиа гурван эрэгтэй хүүхэд онц төгсөн алтан медаль авахад таны төрүүлж өсгөсөн хүү тэдний нэг нь болж Алтан медаль авч байлаа. Хүүгээ шагнуулахад та өөрөө шагнал авсан мэт баярлаж хүүдээ баяр хүргэн үнсэхэд тань ямар сайхан байсан гэж санана. Медаль авсан төгсөлтийн баяр бол ээж хүү хоёрын бахархалын өдөр байсан юм шүү. Би хонхны баяр тэмдэглэж, ээж надад үйлчлэж, хоол унд хийж өгч, намайг жаргаасан өдөр байсан юм.
Идэж уухаа хагаслаж намайг хүн болгосон
Унтаж амрахаа хугаслаж бидний төлөө зүтгэсэн
Амсхийх завгүй хөдөлмөрлөж намайг хүн болгосон
Алдаа гаргах бүрд, миний өмнөөс шийтгүүлсэн
Өсгөж өндийлгөх гэж та яасан ч их зовсон бол
Ээжийн урласан хувцасыг өмсөж би гоёно
Ээжийн оёсон хувцасыг урж би ноцолдоно
Сурагч болоход минь дүрэмт хувцсаар гоёуулж
Сургуулийн хаалгаар хөтлөөд орсон ижийгээ
Сурлага нь сайнгүй ч хичээсээр байсан хүү нь
Сурлагын шилдэг сурагч болж нэг баярлуулсан.
Хэдийгээр гадаа хүйтэн ч хүүгийн нь сэтгэл халуун байна, бас их баяртай байна. Аргалын утаа үнэртсэн төрсөн гэрээ болон таныгаа санаж байна шүү. Саналаа гээд гүйгээд харьж болох биш. Эрдэм ном сурахаар энхрий хүү нь мордсон юм чинь зорьсон хэргээ амжилттай бүтээгээд хайрт ээждээ очно.
Хүүгээ ирэхийг хүлээн суугаа
Хөөрхий ээж минь намайг санаж дээ
Цайгаа чанан сүүгээ самраад
Тэнгэр бурхандаа хүүгээ даатгаж дээ.
Хүүг нь манай найзууд "чи их даруухан" юмаа гэж хэлдэг. Тэгэхээр нь хүү нь " Би дэгтэй айлын журамтай хүүхэд гэж хэлээд "хүмүүжил олгосон” хайрт ээжээрээ бахархдаг.
Чи их боловсролтой айлын хүүхэд байхдаа гэж зарим нь хэлдэг. Тэгэхээр нь би олон юм ярилгүй шууд л тийм гэж хэлдэг. Миний нэг насны амьдралд тань шиг сайн ээж, тань шиг сайн багш, тань шиг сайн ухаантан дахин таарахгүй ч азаар таны хүү болж төрснөөрөө энэ бүхнийг бүгдийг нь би хүртжээ. Та минь урт удаан насалж, үр хүүхэд биднийгээ үргэлжид баярлуулж, сургаж яваарай.
Хичээл орох цаг нэгэнт болжээ. хүү нь хичээлдээ яаран гэрээс гарлаа....
Захидал бичсэн: МУИС-ийн оюутан Г. Отгонбаатар
2012 оны 10 сарын 21


.jpg)
Comments
Post a Comment