Ээж минь их шүтлэгтэй хүн юм
Ээж биднийг бага байхад орой зулаа өргөчихөөд тарни зааж өгч уншуулдаг байв. Оюун ухааныг сэргээгч тарни, нас уртасгах тарни, цээр арилгах тарни гэх мэтийг уншиж эрхи эргүүлдэг байлаа. Ээжийн зааж өгсөн тарниудыг уншиж өөрийгөө аливаа айдсаас хамгаалж зоригжуулдаг байсан даа. Манай төрлийн Шава гэдэг сайн лам байжээ. Ээжийн хөгшин аавын хүүхдүүд нь тогтохгүй байсан учир Шава ламд ээжийн ээжийг даатган өргүүлж хүүхэд тогтсон юм гэнэ лээ. Монголын их хэлмэгдүүлэлтийн үед 79 настай Шава ламыг барин явж хэлмэгдүүлсэн юм билээ. Шава ламын цай уудаг байсан аяга, эрхи нь манайд уламжлагдаж ирсэн юм байдаг. Тэр эрхийг Базаррагчаа эрхи гэж нэрлэдэг юм. Ийм сайн лам манай төрөлд байсан учраас манайхан бурхны шашин шүтэж, зул өргөж тарни уншицгаадаг байхаа. Ээж бурхнаа харанхуй хонуулж болохгүй шүү гээд зул өргөж байгаарай гэж захидагсан.
Мөн манайд цээрлэдэг өдөр бий. Хоёр дахь өдөр хагас сайн өдөр цагаан идээ гаргахыг цээрлэнэ. Цагаан идээ гаргавал гарз гардаг гэж ээж хэлдэг байв. Их чухал зүйл болж, яалт ч үгүй цагаан идээ цээртэй өдөр гаргавал цээр арилгах тарни уншина. Мөн цагаан идээндээ бага зэрэг давс хийж домноно. Цагаан сар гарангуут жилийн засал хийлгэж ном уншуулна. Аливаа чухал шийдвэрийг гаргахдаа өмнө нь ламд үзүүлж асууна. Хийморийн сан, цагаан, ногоон дарь эхүүдийг нэлээд уншуулна. Ээжийн бие өвдөөд сар шахам болсон юм. ЭХО-д үзүүлж эмчилгээ хийлгээд нэлээд удлаа. Гэвч сайн эдгэж өгөхгүй байв. Эмч нар ээжид хандан та мөрөн явж үзүүлээд эмчлүүлээд ир гэхэд ер явах шинжгүй тариа хийлгүүлээд л яваад байв. Алийн болгон ингэж эм тариа хэрэглэх вэ та намайг амарч байгаа дээр мөрөн яваад үзүүлээд ир гэж намайг хэлэхэд Яаж ч үнээ саалиа орхиод явах юм билээ гээд тоож өгсөнгүй. Ээж нэг өдөр Архангайн ламаас өөрийгөө утсаар асууя даа гэж байна. Би дэмжиж та асуугаарай гээд утсанд нь нэгж авч өгч яриулсан чинь лам ээжийг мөрөн явж оношоо тодруулаарай гэж хэллээ. Эмч хэлээд тоодоггүй, би хэлээд тоодоггүй, Архангайд байгаа лам мөрөн яв гэсэн чинь ээж үгэнд нь орж эмчид хандахаар боллоо. Ээж үнэндээ л шүтлэгтэй хүн юм.
2015/07/25
Comments
Post a Comment