Ахмад дайчны захиас

Эх орныхоо төлөө зүтгэсэн, эх орон хойч үеээ харийн түрэмгийллээс хамгаалсан баатрууд бол 1939 оны Халх голын байлдаанд оролцож явсан ахмад дайчид юм. Байлдаанд оролцож явсан ахмадуудын дүрийг харж, үгийг сонсох хувь тавилан надад олдсонд азтай. Манай нутгаас дайнд оролцож явсан Л.Батдэлгэр, Нүрэнзэд гуай нартай нэг голд хаваржиж хүүхэд ахуй цагтаа гэр орноор нь орж гардаг байлаа.
Хавар намартаа Нүрэнзэд гуайнд их очно. Зун Батдэлгэр гуайнхаар очно. Ахмад дайчид намайг очих бүрд чихрээр мялаана. Чихрэнд дуртай хүүхдэд амттан өгөхөөр би ойр ойрхон очихыг боддог байлаа. Тэр үед морь унах дайтай болоогүй байсан болохоор дандаа явган алхаж очдог байсан юм. Өвөл болохоор манайх нам хөтлийн өвөлжөөндөө бууна, Нүрэнзэд гуайнхаас гэр холдчихдог болохоор айл хэсэж чадахаа байна. Миний том ах Сүхбаатар хааяадаа Нүрэнзэд гуайнд очиж биеийг нь үзэж өгдөг байсан. Ахаар барьсан талх, элсэн чихэр торонд хийж надад явуулна.Би тэр талхыг амтархан иддэг байлаа. 
Нүрэнзэд гуай яагаад ч юм надад их сайн ханддаг байсан, бараг төрөл садангийн хүүхдүүдээсээ нууж орны араас чихэр гаргаж өгнө. Би 2000 онд сургуульд орж Нүрэнзэд гуайн зээ хүү Ганбаатартай нэг ангид сурсан юм. Бид хоёр хичээлээ тарангуут Эрдэнээ[1] эгчийн дэлгүүрт очно. Бид хоёрт шилтэй ундаа задлаж өгөөд, цүнхэнд чавга хийж өгнө. Өдөр бүр ундаа ууж, чавга иддэг жаргалтай сурагч нэг хэсэгтээ байсан ч Эрдэнээ эгч дэлгүүрээ ажлуулахаа больсноос хойш чавга ундаанаас хэсэгтээ холдсон юм.
Нүрэнзэд гуай бурхны оронд явснаас хойш ч гэсэн надад барьсан талх, чихэр ирж, ундаа чавгаар тасрахгүй байсансан. Энэ бүхний учир нь Ахмад дайчин бурхны оронд явахаасаа өмнө Оогийд юм байвал өгч байгаарай гэж захисан байж билээ.




[1] Нүрэнзэд гуайн охин

Comments

Popular posts from this blog

Миний Өвөрмонгол найз

Санаандгүй гаргасан алдаа уучлагддаг