Бөх болмоор санагддаг ч бяр арай дутах юм


Монголчууд эрэгтэй хүүхдийг бөх болно гэж бэлэгшээдэг. Эрэгтэй хүүхдүүд хөлд орсон цагаасаа л барилдаж ноцолдож өсдөг. Барилдаж үзээгүй монгол эрэгтэй хүн байхгүй гэдэгтэй зөрөх хүн байвал би мөрийцөхөд ч бэлэн байна. Гэхдээ төрөлхийн ямар нэгэн эд эрхтний согогтой хүнийг бол дээрх тоглоомонд оролцуулж намайг хожихгүй шүү. Би бага байхдаа байнга гүйж явдаг, бас барилдах их дуртай хүүхэд байсан. Үе тэнгийн үхэр хулгана жилтнүүдтэйгээ бол хаяхдаа хаяж, унахдаа унаж ёстой л эцэхийг мэдэхгүй ноцолддог байсан даа. Намайг дунд ангид шилжин ороход чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруудлах тэмцээн болох гэж байгаа барилдах сонирхолтой хүүхдүүд бэлтгэлд явна уу гэсэн зарлалыг хараад Боксын олон улсын хэмжээний мастер, биеийн тамирын багш Д.Ганзоригийн бэлтгэлд хэсэг явсан юм. Аймгийн аваргын тэмцээнд оролцох хүүхдүүдээ шигшинэ гээд бэлтгэлд явсан хүүхдүүдийг хооронд нь барилдуулав. Надтай хоёр нас дүү доод ангийн хүүхэд ч барилдсан, надаас хоёр насаар ах дээд ангийн хүүхэд ч барилдсан. Би бүгдийг нь ялсан тул тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 36 кг ийн жинд оролцож хэсгийн аваргын төлөө барилдаж ялагдсанаар тэмцээн дууссан юм. Түүнээс хойш бөхийн барилдааны бэлтгэлд явалгүй найз нөхөдтэйгээ хааяа нэг ноцолддог байлаа. 11-р ангиа төгсөх жил сургуулийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болж манай ангийн 10 залуу бүгд барилдахаар болцгоосон юм. Уг барилдаанд 5 хүүхэд шалгаран үлдэж тойргийн журмаар барилдахад үзүүрлэсэн хүүхдийг би унагасан ч, үлдсэн хэдэд бүгдэд нь унаж тавддугаар байранд орсон юм. Мөн сумын баярын хүүхдийн барилдаанд барилдаж үзүүрлэж өргөмжлөлөөр шагнуулж байлаа. Залуу насны ааг гэгчээр заримдаа ямар ч хүнтэй барилдчихмаар санагдах үе бий. Унавал унасан шиг унаж, давбал давсан шиг давах сайхан. 2015 оны зун амарч байхдаа найз Цэдэндамбын хамт Төмөрбулаг суманд худынд нь очив. Тэр үеэр сумын нь ой болж байсан тул хол ойроос ах дүү нар нь цугларч хорхог боодог хийж идэн голын зах гарцгаав. Гурав, дөрвөн машин, тав зургаан мотциклоор дөч тавиад хүн цугларч хорхогоо идсэний дараа залуучуудынхаа дунд бөхийн барилдаан явуулахаар болов. Шинэ-Идэрээс очсон Цэдэндамба бид хоёр мөн оролцож барилдах боллоо. Бөх сонирхдог ч барилдахдаа маруухан учраанууд таарсан болов уу? Тэр барилдаанд би түрүүлсэн юм. Би нэг л зүйлийг одоо ухаарч байна. Бөх болмоор санагддаг үе надад байсан, гэхдээ бяр арай дутах юм байна гэдгийг ойлгосон.

2015/7/28

Comments

Popular posts from this blog

Миний Өвөрмонгол найз

Санаандгүй гаргасан алдаа уучлагддаг