Ажлаа дүгнүүлэв
Төрийн албан хаагч болж ажиллаж хагас жилийн ажлын тайлангаа үнэлүүлэх хугацаа боллоо. Хийсэн ажлын тайлан удаа дараа шаардлага хангахгүй бол ажлаас халагдах аюултай гэдгийг мэддэг тул хэрхэн үнэлэгдэх бол гэж санаагаа чилээж л суусан юм. Гэхдээ миний хийсэн ажлын тайлан онц сайн үнэлэгдэх юм бол цалингийн урамшуулал авах ёстой. Ингээд дүнтэйгээ танилцхаар Ажлын албаны даргын өрөөнд ортол төсөөлснөөс их дээгүүр оноо өгч миний хийсэн ажлыг өндрөөр үнэлжээ. Энэ оноогоо ахиулъя гэвэл хийсэн ажил, суусан сургалт, хэлэлцүүлгүүдээс чинь асуулт асууна гэж дарга хэллээ. Оноогоо ахиулахгүй гэвэл гарч болно гэлээ. Мөн асуултанд хариулж чадахгүй бол оноо хасагдахыг анхааруулж хэлэв. Би ер нь оноогоо ахиулахдаа ч гол биш, хийсэн ажлынхаа талаар даргатайгаа ярилцъя гэж бодоод асуугдахаар болсон юм. Надаас хэд хэдэн асуулт асууж шалгаж үзээд би саадгүй хариулсан тул авсан оноондоо эзэн нь болж чадлаа. Ажилд ороод удаагүй гэхэд хэлтсийн даргаасаа "Ажилдаа сэтгэлтэй хүмүүст ажил дүгнэхэд хармын сэтгэл байхгүй шүү" гэж үнэлэгдсэн бол, Ажлын албаны даргаасаа "Залуу хүнд зөндөө боломж олддог чамд ч гэсэн олон олон боломж бололцоо олдоно гэдэгт итгэж байна" гэж хэлж дүгнүүлээ. Мөн ажлын албаны дарга хэт их амбицтай хүмүүс олонд танигдана гэхээсээ илүү хүндлэлээ алддаг би чамайг тийм биш хүн байна гэж дүгнэж байгаа гэж хэлсэн юм. Нэг ёсондоо бол даруухан төрийн албан хаагч хүн шүү гэж үнэлсэн юм. Хүндэтгэдэг хүмүүсээс урмын үг сонсох юу юунаас сайхан.
Манай ажлаас биднийг чадваржуулахаар илтгэх урлаг, харилцааны тухай, интэрнет орчинд ажиллах, хүний нөөц, архив бичиг хэрэг гэх мэтчилэн сургалтуудад хамруулсан. Тэр ч хэмжээгээр суралцаж, ажилдаа дадаж туршлага хуримтлуулж байна даа. Би 95 оноотой ажлаа дүгнүүлжээ.
2015/07/06
Comments
Post a Comment