Сайн загнуулж авав

       Хорооны өрхийн эмнэлэгээс 2016 онд хийсэн ажлын тайлангаа миний хариуцаж ажилладаг Иргэний танхимд зохион байгуулсан юм. Тайлангийн хуралд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч А.Баяр, Хорооны Засаг дарга Б.Одончимэг нар ирж оролцоно гэж бичээд өрхийн эмнэлэг зарлалаа тараасан байв. Мөн Дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс дарга нар нь ирэхээр байлаа. Тайлангийн хурал эхлэх цаг нь 16:00 цаг, гэтэл тайлангийн хуралд ирсэн ахмад настай хүмүүсийг цаг гаруй хүлээлгэсний эцэст хүндтэй зочдын нэг нь ч байхгүй арга буюу хурлаа эхэллээ. 
Хурал дуусах үед Дүүргийн эмнэлэгээс 2 дарга ирэв, УИХ-ын гишүүн, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч хүндэтгэх шалтгаантай гээд ирсэнгүй. Хүндтэй зочдын суудал эзгүйрээд Өрхийн эмнэлэгийн эмч намайг уриад нөгөө суудалд суулган урд тавагтай чихэр, ус тавьчихлаа. Өрхийн эмнэлэг ч ажлаа сайн хийжээ. Хуралд ирсэн иргэд санал сэтгэгдлээ хэлж асуулт асууж эхэллээ. Зарлал дээр байсан нөгөө сүрхий дарга нар чинь хаана байна, хурал 4:00 цагт эхлэнэ гэсэн яасан бэ гэсээр нэлээн ширүүхэн үг хэдэн хүн хэллээ. 
Гэтэл ахимаг насны нэг эгч босож ирээд "Энэ хуралд Хорооноос төлөөлөл оролцож байгаа юм байна. Та нар ер нь юу хийдэг хүмүүс вэ, хотын төвд байгаа гэхэд манай байрны гадуур хог новш ихтэй байна. Би 20 жил энд амьдрахдаа та нарын юм хийгээд байгааг ердөө ч харсангүй. Би нэг удаа л хороонд ирж Өрхийн эмнэлэгт үзүүлж байсан. Түүнээс өөрөөр нэг ч удаа ирж байсангүй. Хорооны иргэдээ ямар нэгэн үйл ажиллагаанд оролцоож гэж ер хэлдэггүй, Тайлангийн хурлаа өрхийн эмнэлэг ч яахав зохион байгуулчихлаа, одоо хороо тайлангаа ярь л даа, юу хийснээ хэлж өг л дөө гээд нэлээн зандрангуй ууртай загнаж өглөө. 
Би ч урдаа дэвтэр бал тавьчихсан сууж байсан. Нөгөө эгчийн хэлснийг бүгдийг нь л үг дуугүй бичиж авлаа. Урдаас нь бид юм хийдэг шүү дээ гэж хэлвэл хуурай өвсөнд шүдэнз зурахтай адил юм болохоор байсан тул чимээгүй л сонсов. Тайлангийн хурлын залыг зохион байгуулж, компьютер залгаж өгөх, проектор ажиллуулах чиг үүрэгтэй байсан би нэг сайн загнуулж авав. 
Тэр эгч "Бид нарын ажлын чиг үүргийг төдийлөн сайн мэдэхгүй, хороо төсөв мөнгөгүй, нийтлэг үйлчилгээний газар хог ачдаг гэдгийг мэддэггүй учраас бухимдлаа илэрхийлж тайвширлаа гэж бодоод ажлын байрны тодорхойлолтуудаа хорооныхоо фэйсбүүк хаягт нээлттэйгээр оруулав, мөн хог нь хөглөрөөд байгаа газруудаар явж танилцав, Хороонд хийгдсэн ажлуудын мэдээллийг бэлтгэж иргэддээ хүргэдэг болов. 
Дараа нь нөгөө загнуулсан эгчтэй хоёр, гурван ч удаа таарахад САЙНУУ МИНИЙ ДҮҮ болсон явж байж билээ.
2017 он 4 сарын 28

Comments

Popular posts from this blog

Миний Өвөрмонгол найз

Санаандгүй гаргасан алдаа уучлагддаг