Их сургуулиа төгссөн дурсамж


МУИС-д сурах юмсан гэж мөрөөддөг байсан сурагч насныхаа мөрөөдлийг өөрийн хүч хөдөлмөрөөрөө нэгэнт би биелүүлсэн байсан. Тэр үе 2010 он. Сумын сургуулийн сурлагын шилдэг сурагч байсан юм чинь, их сургуульдаа ч гэсэн онц сурахын төлөө хичээнэ, ер нь би сурагч байхдаа сумынхаа шилдэг сурагч болж байсан юм чинь, их сургуульдаа ч гэсэн шилдэг оюутан болно гэж хэр хэмжээгээ мэдэхгүй ч хэтийдсэн гэмээр зорилго өөртөө тавьсан юм. 10 жилийн сэтгэлгээгээр сэтгэж Их сургуулийн хичээл ч гэсэн 9 цагаас ордог байлгүй гэж ухамсарласан учир цагаа барьж сургуульдаа очвол хичээл аль хэдийн орсон байв. Их сургуулийн эхний цагийн хичээлийг тасалчихлаа. Хэд хоноод шалгалтанд ортол “буруу хариулсан учир 0 үнэлгээ авчлаа” Түүхийн хичээлийн даалгаврыг комьпютэрээр бичээгүй гэсэн шалтгаанаар тооцсонгүй, англи хэлний багш англиар өөрийгөө танилцуул гэж нүүр улайлгав. Надад бүх зүйл хэцүү санагдсан. Хөдөө байхдаа би явган алхаж хичээлдээ очдог, харин энд мөнгө төлж хичээлдээ явдаг. 10 жилдээ би төлбөртэй сургуульд сурч байсангүй, харин их сургуульд төлбөртэй сурч байна. Олон танихгүй хүүхдүүдтэй нэрээ хэлж танилцсан ч нэг л дотносохгүй байсан.
Намайг 1-р курсэд байхад 4т Б.Баттулга ах, 3т Н.Өлзийбат, 2т А.Цэрэндолгор сурдаг байлаа. Бид нэг аймгийн, нэг сумын, нэг 10 жилийн хүүхдүүд учир надад дээд курсынхэн ганц түшиг тулгуур минь болдог байв, Баттулга ах, номоо өгч хэрэглүүлдэг байсан, би ч гэсэн Буянгийн цэнхэр номоо өгч багшлах дадлагад нь туслаж байсан. Баттулга ахаас “О” авчлаа. Одоо ч ингээд баларсан биз гэж асуухад “0” авахад гайгүй ээ тэр багш угаасаа тэгдэг юм, яг дүн гаргахдаа гайгүй гэж арай тайвшруулж билээ. Англи хэлний даалгавраа хийхдээ Н.Өлзийбатаараа их туслуулсан. Миний даалгаврыг өлхөн дөнгөдөг байж билээ. Харин Цэрэндолгороос бол бүх дэвтрийг нь авч хэрэглэж байсан байхаа.  Дээд курсынхэн бол миний туршлага хуримтлуулах ганц гэрчүүд минь байсан юм.
Урлагийн наадам
Хичээл ороод удаагүй урлагийн наадам болох болж, манай анги ангиараа орохоор бэлтгэл хийж эхэлсэн юм. Урлагийн наадам болох өдөр би ганцаараа оччихоод ангийнхнаа хүлээгээд ирдгүй, утасдаж асуухад оролцохоо больчихсон байж билээ. Би гоцлол дуугаар оролцоно гээд фонограммаа бичүүлж бэлдсэн байсан, нэгэнт энд ирчихсэн, дуугаа бэлдчихсэн юм чинь оролцоё гэж бодоод оюутны зөвлөлийн даргаас ганцаараа орж болох уу гэж асуутал болно гэж зөвшөөрөл олгов. Ингэж ганцаараа 1-р курсдээ урлагийн наадамд ангиа төлөөлж дуулсан юм. Гайгүй өндөр оноо авсан ч, ганц хүн баг болохгүй юм билээ. Дараа нь ангийн нөхөд минь надад тусгайлан баяр хүргэж урам өгсөн юм. Яг энэ урмаар би ангиа төлөөлж 3 жил ганцаараа урлагийн наадамд орсон.
Тэнхимийн спорт өдөрлөг
Дараагийн ангиараа оролцох тэмцээн бол спортын өдөрлөг байсан юм. 1-р курсэд хэн нь хэн бэ гэдгээ мэдэхгүй бүгд сагс тоглож чаддаг, гар бөмбөгийг ч чаддаг болчоод ангиараа зал авч тэмцээний багаа бүрдүүлэх болсон юм. Гадаа талбайд пиджактайгаа тоглож ботинкны улаа нэмгэртэл үзэж байж сагсны багт багтсан юм даа. Одоо бодохоор их инээдтэй санагддаг юм. 4 жил спорт өдөрлөгт сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлөөр оролцож 3-р курсдээ хүрэл медаль, 4-р курсдээ мөнгөн медаль авч, багаараа цом авч байлаа. Спорт өдөрлөгийн хамгийн супер тамирчнаар манай ангийн Э.Чимэдлхам шалгарч, анги хамт олноо авч гардаг байлаа.
Эрдэм шинжилгээний хурал
Хавар болж эрдэм шинжилгээний хурал зарлагдсан байв. Нэгдүгээр курсын оюутнууд дээд курсын оюутнуудын эрдмээс нь айгаад хуралд ордоггүй, та хэд хуралд оролцож туршлага хуримтлуулах хэрэгтэй гэж багш хэлэв. Сурагч байхдаа би зохион бичлэг бичээд түрүүлж, миний бичсэн зохион бичлэгийг захирал бүх багш нарт уншиж өгч байсныг санаад “би оролцъё” гээд бүртгүүлж анх удаа эрдэм шинжилгээний хуралд оролцож үзэв, ингэж хуралд орохдоо 3-р курсын ах Н.Цэрэнсанжаа ахаас зөвлөгөө авч, ном авч, үндэсний үзлийн талаар бэлдэж ангийн багшаараа удирдуулж эрдэм шинжилгээний хуралд бэлдсэн материалаа уншиж танилцуулсан юм. Бидний оролцоог үнэлж тэнхимээс номоор шагнасан. 1-р курсдээ туршлага хуримтуулчихсан юм чинь 2-тоо сайн оролцоно гэж зорилго тавьж, 2-р курсдээ эрдэм шинжилгээний хуралдаа оролцож түрүүлсэн юм. Мөн 3, 4 р курстээ ч оролцож наадам алгасдаггүй бөх шиг идэвхи гаргадаг байлаа.
Хаан ширээний төлөөх өрсөлдөөн
Хичээл ороход ангийн нөхдөөсөө арай түрүүлж ирж хамгийн урд суух бол миний зуршил байв. Танихгүй багштай танилцах, таньдаг багшийнхаа итгэлийг олж авахаар хичээж байсан үе бол 1-р курс. Хамгийн урд миний суудал дээр надаас ч түрүүлж ирээд ангийн охин суусан байв. 10 жилд нэг л суудлаа авсан бол хэзээ ч сольдоггүй байлаа, биднийг сольж суувал айл хэсэж явдаг авгай шиг гэж загнадаг байв. Яг тэр хүмүүжлээр өөрийнхөө суудалд сууя наадах чинь миний суудал гэж хэлтэл “чи ямар сонин юм, чамд өмчлөөд өгчөө юу, адилхан төлбөрөө төлөө биз дээ,чамаас түрүүлж би ирээ биз дээ” гэж билээ. Хамгийн чөлөөтэй, түрүүлж ирсэн нь хаана ч сууж болдог өрсөлдөөнт зүйл бол урд ширээ, их сургуулийн ширээг хэнд ч өмчилдөггүй учир түрүүлж ирэх их ашигтай байсан юм. Нэг удаа хичээлийн цагаас хожигдож хамгийн ард суутал юу ч сонсогдохгүй, намхан болохоор багш ч харагдахгүй их хэцүү байсан, түүнээс хойш байнга эрт ирж зүүн урд ширээнд байраа эзлэдэг болов. Байнга суудаг ширээ маань сүүлдээ хоцорч ирсэн ч, хоосон эзнээ хүлээсээр байдаг болсон билээ. Ингэж урдуур сууж явахдаа нэг багшийнхаа шохойг хадгалж, нэг багшийнхаа проекторыг холбож өгдөг ажилтай болсон юм.
Гоё бичдэг оюутан
Хичээнгүй оюутан гэдгийг харуулахын тулд бүх хичээлээ дармалаар бичиж, ногоон өнгөөр тодруулдаг байв. Хамгийн урд суусан болохоор ч тэр үү багш нар хамгийн түрүүнд анзаардаг байв. Өлзийсайхан багш шинэ оюутнуудын нэрийг тогтооход амар байдаг, та хэд өөрийнхөө нэрийг бичээд ширээнийн буланд тавьж байгаарай гэсэн юм. Уран зохиолын хичээлийг дармалаар бичдэг байсны хүчинд гайгүй хэлбэртэй бичиж сурсан байсан. Нэрээ хичээж, хичээж хамгийн гоёоороо дармалдаж бичив. Зарим нэг ангийн оюутнууд ч гэсэн надаар бичүүлсэн юм. Ангийн булан хийвэл хэдүүлээ гараар бичээд, Оогийгоор хийлгүүлнээ гэж ангийн нөхдөөсөө үнэлгээ авсан юм. Эхний улирлын хичээл дуусаж дүн гарахад Өлзийсайхан багш намайг их хичээнгүй оюутан, хичээлийн тэмдэглэл сайн хөтөлдөг, гээд хоёр ангийн хүүхдүүдэд миний дэвтрийг үзүүлж надад нэмэлт 10 оноо өгсөн юм. Ингээд миний авсан оноо нэмэлт оноо хоёр нийлээд 100 аас ч илүү болсон юм. Намайг 2-р курсэд байхад, 3-р курсэд байхад, 4-р курсэд байхад жил жилийн нэгдүгээр курсын оюутнууд намайг хамгийн түрүүнд таньж, Өлзийсайхан багш таныг бид нарт ярьсан гэдэгсэн. Багш надаар жишээ болгож дүү оюутнуудад сургамж өгдөг болсон юм билээ. Үүнийг бодох бүртээ баярладаг юм.
Оюутны хамгийн чухал зүйл бол “хичээл”
Би хичээл заалгуулж байсан багш нараараа бахархах дуртай. Би бүх нараасаа үлгэр дуурайлал авдаг. Хичээл заалгуулж байсан бүх багш нар надад их зүйл сургасан. Тийм ч учраас би сургуулиа 92,8 А онц төгссөн, дипломоо 95 А хамгаалсан байх. Оюутан дунд авбал багш мэдлэгээ дунд зэрэг түгээж, сайн авбал багш мэдлэгээ сайн түгээж, онц авбал багш мэдлэгээ 100 % өгч, хичээлээ чин сэтгэлээсээ зааж дээ гэж би боддог. Би дүн гарах болоход их баярладаг байсан, зарим нэг хичээлүүдээс би чөлөөлөгддөг байсан, тэр баярт мөчөө миний сургалтын төлбөрийг төлж байгаа, намайг дээд боловсролтой болгохоор зүтгэж байгаа ээжтэйгээ хуваалцдаг байсан. Хичээлдээ хичээж байсны үр дүнд хоёр ч удаа тэтгэлэг авч байсан, үндэсний тэтгэлэгээ байнга 75 % нэмэгдэлтэй авдаг байсан. Манай сургуульд нийслэлийн, аймгуудын хамгийн шилдгүүд сурч байсан. Ийм мундагуудтай хамт сурч байж, би ч чадахгүй дээ гэж мөрөөдлөөсөө ухраагүй. Энэ сургуульд ороогүй байхдаа мөрөөддөг байсан шилдэг оюутны шагналаа би “2-р курсдээ тэнхимийнхээ шилдэг оюутан” болж биелүүлсэн. Харин 4 курсдээ би МУИС-НШУС-ийн шилдэг оюутан болж мөрөөдөлдөө хүрсэн.

2014 он

Comments

Popular posts from this blog

Миний Өвөрмонгол найз

Санаандгүй гаргасан алдаа уучлагддаг