Үлгэр дуурайлал авдаг хүн
Хүн хөдөлмөрлөж аж ахуй эрхэлж, оюунаа ажлуулж байж гэр бүлийнхээ хэрэгцээг хангаж аж төрдөг гэдгийг ээж минь үзүүлж үлгэрлэсэн хүн дээ. Хөдөлмөр хүнийг бүтээсэн гэдэг онолтой би ер нь санал нийлдэг юм. Хавар мал төлөлөхөд ээж бидэнд уураг чанаж өгнө, ямааныхаа ноолуурыг самнаж хэрэгцээт бараа таваараа авна, ээж хонь ямаа үхрээ сааж саасан сүүгээрээ өрөм загсаана, болсон сүүгээр тараг бүрнэ, ээзгий буцалгана, ааруул тавина. Илүү гарсан таргаар айраг исгэнэ, иссэн айргаараа тогоо нэрж монгол архи үйлдвэрлэнэ. Малаас гарч буй ашиг шим өгдөг бүхий л үйлдвэрлэлийг ээж эрхэлнэ. Намайг бага байхад ээж гутал уллаж, дээл оёж өгдөг байсан, харин дунд ангид ороход куртк оёж өгч байсан. Ээжийн оёсон курткыг хичээлдээ өмсөж явдаг байлаа. Гоё куртк байсан учраас удаан гэгч нь гоёсон. Ер нь хувцасыг ээж өөрөө үйлдвэрлэнэ. Би концертонд байнга оролцдог байсан болохоор дуулахдаа өмсөөрэй гээд надад монгол цамц, урлагийн дээл оёж өгч байсан. Ээж минь үйлэнд уран үрдээ энэрэлтэй хүн дээ. Би бага балчир насандаа ээжээс тухайн өдөр нь төлөвлөөгүй хоол хийхийг шаардах үе байдаг байлаа. Хэдийгээр тэр үед ээж “ээждээ ээрүүл ээрэхийг” заадаггүй юм гэдгийг ойлгуулдаг байсан ч дараа нь тэр хоолыг хийж өгдөг байлаа. Миний багын томоогүй саваагүй зангийн нэг нь энэ байсан юм. Ээж минь биднийг хоол голохыг цээрлэдэг “өөр шигээ” хүн болгож хүмүүжүүлсэн юм. Ээж надад хумсаа гэртээ авахыг, мөн хашаандаа авч болохгүйг сургадаг байлаа. Хумс гэртээ авах нь хоол унданд үсрээд орох магадлалтай, харин хашаандаа хумсаа авах юм бол мал хумс идчихнэ гэдэгсэн. Тиймээс би “нойлдоо” хумс авахыг хэвшил болгосон юм. Ээж усыг үнэт баялаг гэж хайрлана. Крантнаас ус гоожуулж гараа угаахдаа крантыг байн байн хааж усыг хэмнэнэ. Шүдээ угаахдаа ч крантаа хааж, усыг нарийн гоожуулна. Ус бол юугаар ч хэмжээлшгүй үнэт баялаг. Хэмжээ хязгаартай эрдэнэ болохоор хойч үеэ бодож хямгадан аривлаж байна гэж би боддог юм. Хүнийг өөрийг нь байхгүйд муу хэлэхийг ээж хориглоно. Хэрвээ алдаа дутагдлыг нь хэлмээр санагдаж байгаа бол өөрт нь шулуухан хэлэх нь зүйтэй гэж сургамжлана. Ээжийн энэ зан чанар надад өвлөгдсөн юм. Хүнийг нүднээс далд муучлахгүйг бодож хүний мууг үзэх би дургүй. Хажууд байгаа хүмүүс хэн нэгнийг муулах юм бол би хүлээн зөвшөөрч чаддаггүй, өнөөдөр миний хажууд хүнийг муу хэлж байгаа хүмүүс маргааш намайг муулна шүү дээ. Яагаад гэвэл тэр муу чанар зуршил болсон байна гэсэн үг. Ээж том ахыг анагаахын сургууль төгсгөж эмч мэргэжилтэй болгосон. Эгчийг монгол улсын их сургууль төгсгөж физик экологийн мэргэжилтэй болгосон, миний дээд талын ахыг хөдөө аж ахуйн их сургууль төгсгөж инженер мэргэжилтэй болгосон, харин намайг монгол улсын их сургууль төгсгөж улс төр судлаач, монгол улсын боловсролын их сургууль төгсгөж түүх нийгэм судлалын багш мэргэжилтэй болгосон. Ээж минь боловсролыг эрхэмлэдэг хүн дээ. Хүнд нэг загас бэлэглэх биш загас барих арга ухааныг сургахаар зүтгэсэн хүн бол ээж минь юм. Иймээс би ээжийгээ үлгэр дуурайлал авмаар хүн гэж нэрлэдэг юм.
2015 оны 5 дугаар сар 4
Comments
Post a Comment